Монгол Хэл Уран Зохиол : ГОМБЫН СЭР-ОД /1917/

ГОМБЫН СЭР-ОД /1917/

ГОМБЫН СЭР-ОД /1917/

Г.Сэр-Од 1917 онд Сэлэнгэ аймгийн Арбаянгол сумын нутагт малчны гэр бүлд мэндэлжээ. Бага насандаа эцгээс өнчирч, эх Дэжидийн асрамжид мөчиг тарчиг амь зууж, Хараагийн Дара эх ламын хийд бараадаж Бадма Ёго дацангийн сүргийг адгуулж шар нар, бор хоногийг өнгөрөөж байв. Г.Сэр-Од хожмын дуртгалдаа “Цагийн байдал тайвангүй, гамингийн үймээн ширүүн байв. Эхийн төрсөн дүү Гомбо ямар сайндаа “Бид дүрвэж зайлъя. Энэ улаан нярай амьтныг яадаг билээ. Амь дүйж гарахад энэ мэт өөдөсхөн юмнууд тээг болж мэдэх тул хар нутаг дээр хаяад явъя. Аз тохиож хүн олж авбал тэр биз” гэхэд эх нь найм хүрснийг айлд орхиж, балчир намайг тэврэн (Г.Сэр-Одыг) Хараагаас хойшхи ууланд бүгэхээр гарсан юм билээ”. Г.Сэр-Од ухаан орсон цагаас бичиг үсэгт суралцахыг мэрийж сумын бага сургууль төгсгөөд, хэвлэлийн хороонд хянагч хийж, улмаар Дорнод аймагт багшилжээ. Ахмад зохиолч Ц.Цэдэнжав 1937 онд намайг Рабфакийн бэлтгэл ангид багшилж байхад данхар толгойтой, дуу цөөнтэй, ном дандаа сугавчилж явдаг хичээнгүй хүү байсныг Г.Сэр-Од гэж мэдсэн юм. Тэрээр уран зохиолын бүлгэмд сурч байхдаа бичсэн нэлээд олон шүлгээ надад үзүүлж байснаас зарим шүлгийн нь дүрслэл бусдаас ялгарч байдаг сан. Тэрээр хэдэн дэвтэр дүүртэл бичсэн үлгэр домог, хууч яриа байдаг сан. Түүнийг нь уншихад сонсоогүй сонин хачин юм олон байлаа. Энэ нь түүнд билгийн харааг нь тэлсэн юм. Ардын аман зохиолоос сэдэвлэж шүлэг зохиол бичдэг байв. Энэ нь 1930-аад оны зохиолчдын бүтээлийн нэг онцлог тал байв. Тэрээр Гэсэрийн туужаас сэдэвтэй “Буйдан баатар” гэдэг найраглал бичсэн нь дунд сургуулийн сурах бичигт оржээ. Г.Сэр-Од бага сургуульд байхаасаа шүлэг бичсэн бөгөөд дунд сургуульд ирэхдээ байгалийн шүлэг бичиж байсан нь нэг үеийн суралцагч Ц.Нанзрагчаа, Ө.Лхамхүү нарын дурсамжаас илэрхий байна. Тэрээр Монголын эртний сонгодог бичгийн зохиол болон гадаадын зохиол “Үүлэн бор”, “Гулливерийн аялал”, “Декамерон”, “Болд хэрхэн хатаагдсан нь” зэрэг зохиол уншиж үеийн нөхдөддөө ярьж өгдөг байсан нь оюуны баялгийн хувьд нөхдөөсөө үлэмж давуу байсны баталгаа юм. Ө.Лхамхүү дурсахдаа “Сэр-Од хичээлийнхээ чөлөө заваар уран зохиолын дугуйланд идэвхтэй суралцдаг байсан. Нэг орой намайг дагуулж очив. Дугуйланг хувьсгалт шинэ уран зохиолыг үүсгэгчдийн нэг С.Буяннэмэх удирдаж зохиолын сэдвийг яаж сонгож авах, сэдвээ яаж бичих тухай ярьж, хүмүүсийн бичсэн шүлэг зохиолыг уншуулж, шүүмжлэн хэлэлцэж байв. Сэр-Одын “Хавар”, “Намар” шүлгээ “Шинэ толь” сэтгүүлд өгөхөд шүлгийн өмнөтгөлд сурагч Сэр-Одын бичиж ирүүлсэн энэхүү хоёр шүлэг нь дүрслэн илэрхийлэх ур чадвараар сайн, байгалийн зураглалыг нүдэнд үзэгдтэл яруу дүрсэлжээ” гэжээ. Сэр-Од бодит байдал, юмс үзэгдлл гярхай ажиглалт хийж, ургуулан бодож, уран сайхан сэтгэмжээр баяжуулдаг нь түүний бүтээлд үлэмж ахиц авчирчээ. Тэрбээр багаасаа сургууль соёлын мөр хөөх хүсэлд хөтлөгдөж байснаа

“Би” шүлэгтээ:
“Сургууль хэмээх нэгэн соньхон үг
Судасны цохилт сэтгэлийн үзүүрийг догдлуулахуйяа
Сонссон өдрөөс эхлэн сураглан мөрөөдсөөр
Сонирхон хүссэн гэгээн замдаа орлоо” гэснээс илэрхий

Г.Cэр-Од амьдоалынхаа богино хугацаанд цөөвтөр шүлэг бичсэн ч бүтээлүүд нь агуулга, утга санаа, уран сайхны хувьд 1930 оны яруу найргийн санд үнэтэй хувь нэмэр оруулсан төдийгүй дүрслэн илтгэх арга барил, өнгө аясаараа ялгарсан юм. Эрх чөлөөгөө олсон ард түмэн, төр засгийнхаа ачийг ухамсарлан улсаа хөгжүүлэх шинэ соёлын төлөө ухамсарт амьдралаа зориулан яваагаа илэрхийлж:
“Аавын хүүгийн зам урт Соёлын ажлын амжилт өндөр
Нам засгийн даалгавар их Найдварт ардын угтамж өргөн” гэж нам, ард түмний холбоог өндөр тавьсныг “Шөнийн онгоцоор” шүлэгтээ илэрхийлжээ. Зохиолч 1937 оны зун Хөвсгөлд ухуулгын бригадаар явж байхдаа үдэш Сэлэнгэ мөрний Гуртын Тавилангийн гармаар холбоо онгоцоор гаталсан тухайгаа бичжээ. “Монголын пионер” шүлэгтээ хөгжин мандсан эх орноо мэдэрч, хөгжүүн дэврэнгүй сэтгэлээр хоцрогдлоос урагш яваа нийгмийн дэвшлийг пионер багачуудын шинийг бүтээн байгуулахтай холбож “Хувьсгалын хур”, “Ирээдүйн жолоо баригч” болгон үзүүлээд, феодалын зүрхийг чичрүүлнэ гэж үгүүлэн шүлгийн үзэл санааг тод томруун болгон дүрслэхдээ


Холбон зангидсан өнгөт тэмдэг хошууран намирч улбалзаад
Хурц тэмцэгч Зоригт баатрын мөн чанарыг илчилнэ
Дээш өргөгдсөн баруун гар нь ариун зүтгэлд бэлтгэгдэж
Дэлхийг донсолгосон сүрт уриа нь феодалын зүрхийг чичрүүлнэ гэжээ.

Түүний “Дөмөн” хэмээх шүлэг бичигдсэн түүхэн үндэс нь өвөрмөц юм. Зохиолч 1935 оны хавар “Бөмбөгөр ногоон” хэмээх Төв цэнгэлдэх хүрээлэнд улсын алдарт гавьяат дууч Ц.Төмөр “Дөмөн” хэмээх ардын дууг дуулахыг сонсож сэтгэлд хоногших ялдам сайхан аялгуунд биширч, сэтгэл татагдаад зогсохгүй урам хөгжөөн хүсэл оргилуулдаг тул би үзгээ барьж шүлэг тэрлэхээс өөр аргагүй болсон гээд “Дөмөн” шүлгээ бичиж
нөхдөддөө уншиж өгч байжээ. Уг шүлэгтээ Сонсон агч түмний чихний нийцэт урсгал цуурайтаж
Баясан түгшигч мянган зүрхнээ гижигт бүжиглэлээр нэвтэрнэм зэ
Дурсан магтсан молор эрдэнэ мэт Дөмөн минь
Урсан мяралзса нусан булаг мэт жигдхэн янцгаая уу гэж сонсогч түмний сэтгэлийг холбилзуулан татсан уяхан дууны эгшигтэй молор эрдэнийн хүлэг мориныхоо янцгаахтай хослуулан шүлэглэжэо. “Дөмөн” шүлгийг уншихад “Цэцэгт сайхан талын дундуур суман дэлтэй, явдал ялгуун мориор дүүхэлзтэл давхиж, унаж яваа эзний цээлхэн дуу уянгалан хадах шиг болдог” гэж утга зохиол судлаач, ардын билэг зүйч Д.Дашдорж онцлон тэмдэглэсэн байдаг. Сэр-Од эхийн хайр ивээлээр эрийн цээнд хүрч, улс орныхоо үйл хэрэгт хүчин зүтгэх сэтгэлээр хангалуун яваагаа “Ээждээ” шүлэгтээ
Өгөөмөр сайхан орныхоо тааламж төгсийн дунд
Өргөн түмэн ардынхаа тэтгэмж ихэд ивээгдэж
Далай мэт дэлгэр энэрлийг таньхариулахаар
Дандаа бодож явдаг минь мөхөс битгий болоосой гэж хүсэл эрмэлзлээ туйл болгон бичжээ. Сэр-Од амьдралыг билгүүн хараагаар тольдож голт зүрхнийхээ догдлолоор бичдэг шүлэг нь тооны хувьд цөөн ч чанарын хувьд жин дарах чамбай байлаа. Г.Сэр-Од 1940 оны үед Дорнод аймгийн төвийн бага сургуульд багшилж байхдаа үг хөгжлийн хичээл дээр хүүхдүүдэд сэдэв өгч шүлэг бичүүлээд, шүүн үзэж шүлэг бол уран сайхантай байх, шүлгийн айзам хэмнэл гэж юу болох, мөр бадгийн жигдрэл тохирох, уншихад утга гүн илэрхийлсэн, яруу сонсголонтой байх учиртайг тайлбарлаж байсныг Сэр-Одын шавь байсан Д.Чойжамц, Ш.Очирхуяг нарын дурсамж байдаг. Д.Чойжамц олон жил УБИС-ийн уран зохиолын тэнхимийн багшаар ажиллаж, удирдсан ангиас нь шинжлэх ухааны доктор Б.Катуу, Ц.Оюун, Соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч Ш.Гүрбазар нар төрж гарчээ. Чой багш (шавь нар нь тийн нэрлэдэг) далан нас хэвийсэн хойноо онгод нь орж хэд хэдэн роман бичиж хэвлүүлжээ. Г.Сэр-Одын шавь тэгж сэрж, ухаарахын амьд жишээ мөн гэлтэй. Г.Сэр-Одын шүлгийн гүн утга агуулга, шүлэглэх өвөрмөц арга барилыг түүний байгалийн тухай уянгаас харж болно. “Өвлийн нэгэн өглөө”, “Хавар”, “Намар”, “Улирал ба би” зэрэг шүлгээ байгалийн харилцан холбоо, хүний сэтгэлд тусах байгалийн нөлөө, хүнээс байгалийн гоо сайхныг хүртэх мэдрэх чанарыг нээн харуулсан байдаг. “Намар” шүлэгтээ байгалийн хувирах явдлыг үгүүлэх бус юмс үзэгдлийн шалтгаант зүй тогтлыг үзүүлэхдээ
Цавдиртан улаарсан дэлхийн хөрс ногоон хуягаа тайлж
Царцаахайн чар хийх дуун намрыг урин шагширна гэх буюу
Цаваглан хөхөрсөн сэмжин үүлс
Мөнгөн хөшиг татахуйяа
Цаламгүй алдсан цэнгэлт зуныг
Түүний доогуур саравчилна гэснээс тодорхой байна. Тэрээр байгалийг эзэмдэгч, түүний бүрэн эрхт эзэн болсон шинэ хүнээс эх нутгийн байгальд хандах харилцааг тод гаргажээ. Чингэж зурахдаа эх хэлнийхээ их далайгаас сувд, таныг шүүрдэн тунгаажээ. Г.Сэр-Од хэмээх нэгэн билэг авьяастан өдгөө 90 насны сүүдэр зэрэгцэж байна. 

start=-46 , cViewSize=50 , cPageCount=1

4 сэтгэгдэл:

null
ганаа (зочин)

энэ агуу хүнээрээ бид бахархах ёстой вм шүү монголчуулаа

qrs (зочин)

shvleg nees ni bhqvv ym bna shdee

oo mash gaihaltai (зочин)

oooo mash gaihaltai hvn shv vnen bishirmeer timv aaaaaaa

нямдорж (зочин)

энэ хүний шүлгүүд биширмээр шүү

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)